Магистр, докторын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл https://burtgel.num.edu.mn элсэлтийн системээр явагдана.
МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА:
Намрын улиралд:
07 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 10-ний өдрийг дуустал
Хаврын улиралд:
11 дүгээр сарын 10-наас 01 дүгээр сарын 10-ний өдрийг дуустал
- Бүртгүүлэгч нь МУИС-ийн элсэлтийн системд шаардлагатай мэдээллийг оруулж элсэх хүсэлтээ гаргана.
- Бүртгүүлэхдээ элсэлтийн систем дэх анкетыг бөглөж, дараах бичиг баримтыг цахим хэлбэрээр хавсаргана. Үүнд:
-
-
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар (төрсний гэрчилгээ, гадаад паспорт);
- Эзэмшсэн боловсролын диплом, түүний хавсралтын хуулбар (бичиг баримт гадаад хэл дээр бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байна);
- Цээж зураг
-
- Бүртгүүлэх боломжтой хөтөлбөрийн жагсаалтыг системээс харах бөгөөд бүртгүүлэгч элсэхийг хүссэн хөтөлбөрөө сонгоно.
- Бүртгүүлэгч нь хэдэн ч хөтөлбөрт элсэн суралцах хүсэлт гаргаж болох ба элсэхийг хүссэн хөтөлбөрийг сонгосон үед төлбөл зохих бүртгэлийн хураамжийн хэмжээ гарах бөгөөд хураамжийг цахим хэлбэрээр хийснээр бүртгэл баталгаажна. Элсэлтийн шалгалтанд тэнцсэн өөрийн сонирхсон зөвхөн нэг хөтөлбөрт элсэх эрх авна.
- Эзэмшсэн бакалавр, магистрын мэргэжил нь өөр чиглэл (эрх зүйн хөтөлбөрөөс бусад)-тэй элсэгчийг нөхөн судлах нөхцөлтэйгөөр бэлтгэл магистр, докторын хөтөлбөрт элсүүлнэ. Магистр, докторын бэлтгэл хөтөлбөрт элсэгч нь элссэн хөтөлбөрийнхөө харгалзах түвшний мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлээс 12-18 хүртэл багц цагийн хичээлийг судална.
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага
- Магистрын хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй, докторын хөтөлбөрт магистрын зэрэгтэй бүртгүүлэгчийг элсүүлнэ.
- Хууль зүйн сургуулийн магистрын хөтөлбөрт эрхзүйн бакалаврын, докторын хөтөлбөрт эрхзүйн магистрын зэрэгтэй бүртгүүлэгчийг элсүүлнэ.
- Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө “МУИС-ийн Магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журам”-тай танилцах үүрэгтэй.
Элсэлтийн шалгалт:
- Элсэн суралцах хүсэлт гаргагчаас мэргэжлийн тэнхим мэргэжлийн чиглэлийн дагуу шалгалт авна.
- Магистр, докторын бэлтгэл хөтөлбөрт элссэн нөхөн судлах багц цагаа амжилттай гүйцээсэн суралцагч үндсэн магистр болон докторын хөтөлбөрт шалгалт өгч үргэлжлүүлэн суралцана. Шалгалт авах өдөр, цаг, байр болон шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэлийн хугацаанд http://burtgel.num.edu.mn цахим хуудасны шалгалтын хуваарь хэсэгт байршуулна.
- Шалгалтад авбал зохих нийт онооны 60-аас доошгүй хувийг авсан шалгуулагчдыг оноогоор нь жагсааж, онооны дарааллаар хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
- Бакалаврын зэргийн боловсролоо МУИС-д эзэмшиж 3.0-оос дээш голчтой төгссөн бол тухайн мэргэжлээрээ МУИС-ийн магистрын хөтөлбөрт шалгалтгүйгээр элсэнэ.
Элсэгчийг шалгаруулах, мэдэгдэх
Бүртгүүлэгчдэд шалгалтын дүнг МУИС-ийн элсэлтийн систем http://burtgel.num.edu.mn цахим хуудасаар мэдэгдэнэ.
Шалгалтад тэнцсэн элсэгч заасан хугацаанд бүртгүүлэхээр ирэхдээ дараах материалыг бүрдүүлж битүүмжилсэн хавтсанд хийсэн байна. Үүнд:
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (төрсний гэрчилгээ, гадаад паспорт), хуулбарын хамт;
- Эзэмшсэн боловсролын диплом, түүний хавсралтын хуулбар (бичиг баримт гадаад хэл дээр бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байна);
- Цээж зураг хоёр хувь, бүртгэлийн нэгдсэн системийн шаардлагад нийцсэн цээж зураг файл хэлбэрээр (сүүлийн гурван сард авахуулсан).
Бүртгэлийн мэдээллийг бичиг баримтын эх хувьтай нь шалгаж, бүртгэлийн мэргэжилтэнд бүртгүүлэн сургалтын мэдээллийн систем ашиглах эрхээ авна.